ЭРСДЭЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛ
Сангийн удирдлагын үйл ажиллагааны эрсдэл
Сангийн удирдлага нь нэгж эрхийг худалдан авсан хөрөнгө оруулагчийн төлбөр болох эх үүсвэрийг тогтвортой байршуулах, харилцагчийн худалдан авсан нэгж эрхийг олон улсын зах зээлд худалдан авах үүрэгтэй бөгөөд буруу шийдвэр эсхүл алдаа гаргах эрсдэл үүсч болзошгүй. Энэхүү эрсдэлээс сэргийлэхийн тулд сан нь мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдаж байгаа бөгөөд ихээхэн том дүнтэй хэлцэл, арилжааны шийдвэр, хязгаарлалт бүхий хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах нэгж эрх эзэмшигчдийн хурал, ТУЗ-н зөвшөөрөлтэйгөөр гаргана.
Мэдээллийн технологийн эрсдэл
Сан нь нэгж эрхийг худалдах, худалдан авах арилжааг цахимаар хийх бөгөөд олон улсын зах зээлд алтны арилжааг цахимаар хийх тул технологи болон тоног төхөөрөмжийн эрсдэл үүсч болзошгүй. Эрсдэлийг хязгаарлахын тулд сан нь ашиглагдаж буй арилжааны платформыг тогтмол шинэчилж тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлага хангахуйц мэдээллийн систем болон компьютерийн технологи ашиглан ажиллана.
Хамтрагчдын дампуурал
Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь өөрийн харилцагч банк, Кастодиан банк, үндсэн оролцогч, брокер гэх мэт хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагаа, тогтвортой байдалд хяналт тавин ажиллана. Харилцагч байгууллагуудад санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэл үүсч тэрхүү эрсдэл нь сангийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Хууль эрх зүйн орчноос хамаарсан эрсдэл
Сан нь эрх зүйн зохицуулалттай зах зээлд буюу Санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд Монголын хөрөнгийн биржид арилжаалагдах тул хууль эрх зүйн нөхцөлөөс хамаарах хамааралтай. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмуудад гарч болох гэнэтийн өөрчлөлтүүд нь сангийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй. Сан нь олон улсын жишгийн дагуу, хууль журмын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа.
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ
Алтны үнэ ханшийн эрсдэл
Олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлаас хамаарч алтны ханш нь хором тутамд хэлбэлздэг. Аливаа хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үнэ нь уналт сэргэлт ээлжилж байдаг. Олон улсын зах зээлд алтны ханш бууралттай байх нь сангийн нэгж эрхийн үнэлгээг бууруулах эрсдэлтэй.
Валютын ханшийн эрсдэл
Сангийн нэгж эрх дэх хөрөнгө оруулалт нь ам.доллар төгрөгийн ханшаас хамаарах бөгөөд төгрөгийн эсрэг ам.долларын ханш сулрах үед хөрөнгө оруулагчийн хувьд ханшийн алдагдалтай байж болно.
Хөрвөх чадварын эрсдэл
Сан нь өөрийн худалдсан нэгж эрхийг харилцагчийн хүсэлтээр зах зээлийн ханшаар худалдан авах үүрэгтэй. Иймд хөрөнгө оруулагч худалдан авсан нэгж эрхийг хүссэн үедээ тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдах боломжтой.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвхээс хамаарч авах, зарах ханш, ханшийн зөрүү буюу spread нь үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд зах зээлийн эрсдэл маш өндөр эсхүл зах зээлийн хөрвөх чадвар маш бага үед авах, зарах ханшийн зөрүү нэмэгддэг.
Арилжааны цаг
Олон улсын зах зээл дэх алтны ханшийн хөдөлгөөн нь ажлын өдрүүдэд 24 цагаар өөрчлөгдөж байх боловч Монголын хөрөнгийн биржийн арилжаа нь 10 цагаас 13 цаг хүртэл арилжааны цагаар ажилладаг. Иймд Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа хаагдсан үе буюу Европ болон АНУ-н арилжааны цагаар ханшийн хэлбэлзэл өндөр байх магадлалтай. Доорх зургаас хархад эхний өдрийн арилжааны цагаар алтны ханш харьцангуй бага хэлбэлзэлтэй байсан бөгөөд Европын болон АНУ-н биржийн арилжааны цагаар ханшийн хэлбэлзэл өндөр байсан бөгөөд дараагийн өдрийн Монголын хөрөнгийн биржийн арилжааны цаг эхлэхэд хаалтын ханшаас өндөр нээлтийн ханшаар арилжаалагдаж эхэлсэн байна.
Төлбөр тооцооны эрсдэл
Сан нь нэгж эрхээ буцаан худалдан авах үүрэг хүлээсэн бөгөөд энэ тохиолдолд гадаад байх алтаа зарж хөрөнгө оруулагчид төлбөрийг төлнө. Гадаад төлбөр тооцоо саатах, гадаадын банк санхүүгийн байгууллагуудын хяналт хийх хугацаа төлбөр тооцоо хийх өдрөөс хэтрэн удаашрах эрсдэл байна.